| Санамж бичигт гарын үсэг зурлаа... |
|
|
|
| 2011 оны 7-р сарын 09, Бямба гариг, 16:11 |
|
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй л жил өнгөрч байна. Бүх юмыг төрөөс зохицуулж, бүгд төр л хийдэг байсан өнгөрсөн хугацаатай харьцуулахад 20 жил гэдэг бага хугацаа. Гэхдээ зах зээлийн шинэ харилцаанд шилжихийн хэрээр иргэдэд эрх мэдэл өгөх асуудал үргэлж тавигдаж байгаа. Орон нутагт нь төсвийн эрх мэдэл өгөх, төвлөрлийг сааруулах санаачилгыг Ерөнхийлөгч гаргаж, Засгийн газраас ч ийм агуулга бүхий хуулийн төслийг санаачилж, УИХ-аар хэлэлцүүлж буй. Гэхдээ хууль тогтоогчдод нэг л айдас байгаа нь төсвийн эрх мэдлийг орон нутагт өгөөд үр дүн гарах болов уу гэсэн эргэлзээ. Тиймээс ч Засгийн газар, Дэлхийн банктай хамтран “Тогтвортой амьжиргаа II” төслийг Монгол Улсын өнцөг булан бүрт, бүр тодруулбал засаг захиргааны нэгж бүрт хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн зорилго нь иргэдийн санаачилгад тулгуурласан, тэдний оролцоонд түшиглэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх. 2008 оноос хойш хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд 5700 гаруй дэд төслийг 30 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний хөрөнгийг орон нутаг бие даан шийдвэрлэсэн гэсэн үг. Иргэд өөрсдөө санал санаачилга гаргаж, түүнийхээ хөрөнгийн тодорхой хэсгийг бүрдүүлж, төслийн санхүүжилтээр, иргэд өөрсдөө хяналт тавьж орон нутагт тулгамдсан асуудлаа шийдвэрлэж байгаа. Тиймээс ч 6000 гаруй иргэн сайн дурын үндсэн дээр “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хянагч, үнэлэгчээр ажиллаж байгаа ажээ. Гэхдээ иргэдийн оролцоонд тулгуурласан төслийг илүү үр өгөөжтэй болгох үүднээс “Тогтвортой амьжиргаа-II” төслийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт 2011 оны 4-р сарын 26-ны өдөр гарын үсэг зурлаа. Хоёр байгууллага хамтран ажиллах зарчмаа тохирсон, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын сургалтыг хүртэл энэ үеэр зохион байгуулсан юм. Уг сургалтын үеэр “Тогтвортой амьжиргаа-II” төслийн газрын захирал А.Хашцэцэг “Хяналт тавих явцад иргэд алдаа дутагдал олж илрүүлээд, буцаан сайжруулах нь илүү үр дүнтэй байна гэдэг дээр нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Гэхдээ зарим тохиолдолд иргэдийн тавьсан санал санаачилгыг дэмжихгүй байх нь бий. Энэ үед хэнд хандах вэ гэдэг өөрөө одоо ч асуултын тэмдэг болчихоод байгаа. Өнөөдрийн сургалтын зорилго нь иргэд санал гаргахад хэн шалгаж, албан ёсоор ажлыг зогсоодог, үүрэг даалгавар өгөх вэ гэдгийг тодорхой болгох” гэж тодорхойлж байлаа. Өөрөөр хэлбэл, “Тогтвортой амьжиргаа II” төслийн Олон нийтийн санаачилга, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд иргэдэд тулгамдсан нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг. Зам даваа засах, сургууль, эмнэлэг тохижуулах, бэлчээр хаших, халуун ус барих гээд ер нь л иргэдээс гарч буй санал санаачилгыг төслийн хөрөнгөөр дэмждэг. Гэхдээ энэ бүх санаачилга бодит ажил болоход иргэд өөрсдөө хяналт тавиад зогсохгүй мэргэжлийн байгууллагын тусламж авах тохиолдол ч гардаг байна. Тиймээс МХЕГ-тай хамтарч ажиллах санамж бичиг байгуулах болсон юм байна. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга хэлэхдээ “Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтаны сургалтыг “Тогтвортой амьжиргаа II” төслийн газрын хамт олонтой хамтран зохион байгуулж байна. Аливаа төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нийтээр дээдлэн сахин биелүүлэхэд иргэдийн оролцоо чухал байдаг. Төрийн ажил үйлчилгээний чанар, төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн тавих хяналтыг сайжруулахад эрх зүйн хийгээд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх нь манай хамт олны үндсэн үүрэг. Орон нутагт “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд олон төсөл хэрэгждэг. Энэ бүхнийг үр дүнтэй болгохын тулд төслийн газраас сургалтад хамрагдсан 6000 гаруй хянагч хяналт тавьж ажилладаг юм билээ. Уг хяналт тавих ажилд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажил амьдралаас урган гарч байна. Тиймээс МХЕГ, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагууд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зайлшгүй шаардлага бий” гэж тодотгож байна. “Тогтвортой амьжиргаа II” төслийн газар МХЕГ-тай төслийн хэрэгжилтэд өмнө ч хамтарч байсан аж. Гэхдээ зөвхөн барилга байгууламжын засвар ажил дээр л хяналт тавиулж ажиллаж байсан бол одоо бүхий л төслийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллагаас мэргэжлийн зөвлөгөө авч, хяналт тавиулах замаар төслийн үр өгөөжийг дээшлүүлэх санамж бичгийг байгуулсан нь энэ. Уг санамж бичигт “Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд орон нутагт баригдаж байгаа барилга байгууламж, нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмж, бусад бараа, ажил үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулах, иргэдийн оролцоо, ил тод нээлттэй байдлыг дээшлүүлэх асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Тогтвортой амьжиргаа-II” төсөл харилцан тохиролцож, энэхүү “Санамж бичиг”-ийг байгуулав” гэж онцолсон байна. Дашрамд дурдахад, энэ удаагийн сургалтад МХЕГ-ын 15, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дөрөв, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн ес, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 24 ажилтан оролцсон юм. Мөн Дорноговь, Хэнтий аймгийн “Тогтвортой амьжиргаа II” төслийн нэгжийн зохицуулагч нар болон төслийн газрын удирдлагууд оролцлоо. |













