Logo
 |  |  | English


Мэдээ мэдээлэл ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН САРЫН АЯН ӨНДӨРЛӨЛӨӨ
ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН САРЫН АЯН ӨНДӨРЛӨЛӨӨ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 10-р сарын 04, Даваа гариг, 17:26
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Европын холбоо, Япон улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой амьжиргаа II” төслийг олон нийтэд таниулах сарын аян өчигдөр хаалтаа хийлээ. Сүхбаатарын талбайд болсон хаалтын ажиллагаанд “Тогтвортой амьжиргаа II” төслийн газар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн төслийн нэгжийнхэн иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж байв. Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилладаг уг төсөл нь иргэдийн оролцоонд тулгуурладаг болоод ч тэр үү өнгөрсөн сарын аян үр дүнгээ өгсөн гэж төслийн газрынхан ярьж байв.

“Тогтвортой амьжиргаа II” төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бүгд л иргэдийн санаачилга, тэдний идэвхт тулгуурласан байдаг. Иргэд өөрсдөө бэрхшээлтэй асуудлаа тодорхойлж, төслийн газрынхан санхүүгийн дэмжлэг үзүүлснээр төсөл хэрэгждэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, баг, хорооны Иргэдийн нийтийн хурал дээр гарсан санал санаачилгыг, сум орон нутгийн удирдлагаар хэлэлцүүлж, “Тогтвортой амьжиргаа II” төслийн санхүүжилтээр бодит ажил болгодог билээ.
Олон нийтийн санаачилга сан, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага, Бичил санхүүгийн хөгжлийн сан гээд төслийн ерөнхий бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар талбай дээр цугласан иргэд тодорхой мэдээлэлтэй болсон. Зөвхөн төв талбай ч биш, аймаг бүр сум орон нутагтаа “Тогтвортой амьжиргаа II” төслийг олон нийтэд таниулах сарын аяныг хаасан гэж болно. Өнгөрсөн нэг сарын хугацаа нь төслийн газрынхан ажлаа тайлагнаад зогсохгүй, иргэд өөрт хэрэгтэй мэдээллийг авсан гэдгээрээ үр дүнтэй ажил боллоо. 
Аливаа төсөл, хөтөлбөрийг олон нийтэд сурталчилах нь зүйн хэрэг. “Тогтвортой амьжиргаа II” төсөлд сурталчилгаа бол хамгийн их хэрэгтэй ч гэж болно. Иргэдийн тулгамдсан асуудлыг өөрсдийнх нь дэмжлэгтэйгээр, санал санаачилгаар хэрэгжүүлдэг болохоор тэднийг төсөлд татан оролцуулах, мэдээллээр хангах нь хамгийн чухал байдаг. Баг, хорооны иргэдийн нийтийн хурлын ирцийг бүрдүүлэх гээд л төсөл санаачилахаас эхлээд төсөл хэрэгжиж дуусах үе шат хүртэл иргэдийн оролцоо, тэдний хяналтан доор үйл ажиллагаа явуулдаг билээ.

Төслийн газрын Үйл ажиллагааны мэргэжилтэн О.Ундраа бидэнд ярихдаа “Энэ оны хувьд одоогийн байдлаар төслийн хоёр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2000 гаруй дэд төслийг хэрэгжүүлээд байна. Нийтдээ 14 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Олон нийтийн санаачилга сан бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 1200 гаруй дэд төслийг есөн тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа. Аян улс орон даяар өрнөсөн. Монголын бүх суманд есдүгээр сарын турш “Тогтвортой амьжиргаа II” төслийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, иргэд хэрхэн хамрагдах боломжтой, төсөл цаашид ямар үр дүнд хүрэх вэ гээд олон талын мэдээллийг түгээсэн. Төслийн үйл ажиллагаагаар орон нутагт хөгжлийн ямар үйл ажиллагааг зохион байгуулж болох вэ гэсэн мэдээллийг түгээсэн байгаа. Тухайн орон нутаг тулгамдсан асуудлаа төслийн газартай хамтран шийдвэрлэж байна. Нийгмийн асуудал, дэд бүтцийн чиглэлээр санал санаачилга гарган орон нутгийн удирдлагатайгаа хамтран хэрэгжүүлдэг” гэсэн юм.

Ингээд “Тогтвортой амьжиргаа II” төслийг олон нийтэд таниулах сарын аяны хаалтын ажиллагааны үеэр зарим хүнтэй уулзсанаа хүргэе.
Баянзүрх дүүргийн IX хорооны хэсгийн ахлагч С.ЭРЭНДОРЖ:
-Баянзүрх дүүргийн IX хорооны иргэд их идэвхтэй болсон. “Тогтвортой амьжиргаа II” төслөөс хэрэгжүүлж байгаа бүх юманд оролцож байгаа. Яагаад гэхээр бидний болоод хойч үеийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа болохоор энэ төслийн ажилд оролцохгүй байхын аргагүй.  Ер нь л энэ сарын аян үр дүнгээ өгсөн гэж боддог. Төсөл хэрэгжүүлснээр нэлээд өөрчлөлт манай хороонд гарсан. Гүний худаг нэгийг барьсан. 400-500 хүний цэвэр усны хэрэгцээг хангаж байна. Нийтийн бие засах газар баригдсан, хогийн цэг байгууллаа. Цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдлээ л гэсэн үг. Сая 3 дугаар цэцэрлэгийн бохирын шугам муудсан байсныг шинээр солилоо. Иргэдийн хурлын оролцоо нэмэгдсэн. Өмнө нь хүн цуглаж өгдөггүй байлаа шүү дээ. Одоо танхимдаа ч багтахгүй болсон ш дээ. Манайх чинь 11000 гаруй иргэнтэй хороо.

Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн тогооч Б.Наранчимэг:
-Манайх төслийн дагуу 1, 2 дугаар хоолны тогоо, ус буцалгагчтай болсон. Үр дүнд нь хүүхдүүдийг амин дэмээр баялаг хоол хүнсээр хангахад тус дөхөмтэй болсон. Тогооч нарын ачаалал ч хөнгөрсөн. Хүргэж байгаа хоолны нэр төрөл олширч байгаа гээд давуу тал их бий.

Налайх дүүргийн төслийн зохицуулагч А.Ганцэцэг:
-“Тогтвортой амьжиргаа II” төсөл нь 2008 оноос эхлэн Налайх дүүрэгт хэрэгжсэн. Хорооны Иргэдийн нийтийн хурал дээр иргэдийн санаачилсан саналыг дэмжиж, дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталдаг. Ингэхдээ дүүргийн бодлого зохицуулалттай холбож байгаад шийдвэрлэж өгдөг юм. 2010 онд зургаан хорооны иргэдийн санаачилгын дагуу долоон дэд төсөл хэрэгжүүлсэн. 116.1 сая төгрөгийн өртөгтэй.
Сарын аяны хүрээнд иргэдийн идэвх сайжирсан гэдгийг хэлье. 2008 онд зургаан хорооны Иргэдийн нийтийн хуралд нийтдээ 453 иргэн оролцож байсан. Харин 2010 онд 741 иргэн оролцсон байгаа. Энэ нь 63.2 хувиар хурлын ирц өссөн гэсэн үг. Энэ нь “Тогтвортой амьжиргаа II” төслийн үр ашгийг хүртсэн, хүртэхийг хүссэн хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг илтгэж буй болов уу.

 

/"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин, 2010.10 сар/

 

Нэвтрэх

username
password

Best Practices

Сургалтууд

Та санаачил, бид дэмжье

Монголын Хөгжлийн Зах

Сайтаар зочилсон


Өнөөдөр:378
Өчигдөр:297
Энэ сард:7756
Өмнөх сард:11056
Нийт:175811