|
Монгол Улсын бүх аймаг, хотын 300 гаруй төлөөлөгчид хуран чуулж, Тогтвортой амьжиргаа -II төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилт, орон нутгийн хөгжлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлгийг 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар, орон нутагт төсөл гардан хэрэгжүүлэгчид, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци, Европын холбоо, Япон улсын Засгийн газрын Бодлого, Хүний нөөцийн хөгжлийн сан, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
"ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО" үндэсний чуулга уулзалтад оролцогчид бид; Монгол Улсын Үндсэн хуулийн 58.1, 59.1-д заасанчлан засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж нь “...эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн...”, “...удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.” гэснийг иш үндэс болгон, Олон нийт нь хөгжлийн үр шимийг зөвхөн хүртэгч биш, харин идэвхтэй оролцогч байхын чухлыг хүлээн зөвшөөрч дараах уриалгыг гаргаж байна. Нэг. Монгол Улсын Их Хуралд • Төсвийн төвлөрлийг багасган, орон нутгийн эрх мэдлийн хүрээг тэлэх талаар хууль, эрхзүйн таатай орчин бүрдүүлэх. Хоёр. Монгол Улсын Засгийн газарт • Төсвийн төвлөрлийг сааруулах чиглэлээр оновчтой бодлого боловсруулан хэрэгжүүлэх, • Орон нутгийн хөгжилд чиглэсэн түншлэгч орон, олон улсын байгууллагын зээл тусламж, улсын төсвөөр хэрэгжих төслийн харилцан уялдаа, үр өгөөжийг зохицуулах. Гурав. Орон нутгийн удирдлагад • Орон нутгийн төсвийн төлөвлөлт, төсвийн хэлэлцүүлэгт иргэдийн саналыг тусгах, төсвийн зарцуулалтанд тавих иргэдийн хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох, • Олон нийтийн үүсгэл санаачлагыг хөхиүлэн дэмжиж, урамшуулах механизм бий болгох, • Олон нийтээр хэлэлцэгдэн дэмжигдсэн төсөл, хөтөлбөрт орон нутгийн нөөц бололцоог ашиглан санхүүгийн туслалцаа үзүүлэх, • Төлөвлөж байгаа болон хэрэгжүүлж буй төслийн зорилго, үйл ажиллагааны талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл түгээх, тэднийг оролцох, хянах, хэрэгжүүлэх боломж, нөхцөлөөр хангах, • Орон нутагт хэрэгжүүлэх гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог ханган ажиллах бодлого, төлөвлөгөөтэй байх. Дөрөв. Түншлэгч орон, Олон улсын байгууллагуудад • Орон нутгийн хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх, дэмжиж ажиллах, • Орон нутагт цаашид хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд нь иргэд, орон нутгийн захиргааны хамтын ажиллагаанд тулгуурласан байхад анхаарах, • Хэрэгжүүлж буй төслүүдийнхээ мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээлэл солилцох, улмаар төсөл хоорондын уялдаа холбоог сайжруулж, үйл ажиллагааны давхардлыг арилгах. Тав. Иргэний нийгмийн байгууллагуудад • Хөгжлийн үйл явцад иргэдийн оролцоог дээшлүүлэхэд шаардагдах чадавхийг бэхжүүлэх талаар анхаарч ажиллах, • Төр, иргэдийн хоорондын идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр идэвх санаачлага гарган ажиллах, • Төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад иргэд, гишүүдийнхээ саналыг тусгаж хамтран ажиллах. Зургаа. Олон нийтэд • Орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор төсвөөс болон олон улсын байгууллагуудаас үзүүлж байгаа зээл тусламж, дэмжлэгийг илүү үр өгөөжтэй болгохын төлөө орон нутагт зохион байгуулж байгаа аливаа ажилд идэвх санаачлагатай оролцож, нутгийн захиргаа, төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах, • Төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт, хэрэгжилтийн аливаа шатанд оролцогч нь байж, өөрийгөө болон орон нутгаа хөгжүүлэхийн төлөө баг, хорооны иргэдийн хуралдаа идэвхтэй оролцож, санал бодлоо тусгах, төслийн хэрэгжилтэд иргэний хяналтаа тавих. Энэхүү чуулга уулзалтаас гаргасан уриалгыг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн удирдлага, түншлэгч орон, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэд та бүхэн идэвх, санаачлага гарган ажиллахыг “ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО” ҮНДЭСНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ-д оролцогчид бид уриалж байна. ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД Улаанбаатар хот, Төрийн ордон, 2010 оны 6 дугаар сарын 7 –ны өдөр |