|
Монгол Улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө хэмээх хоёрдугаар бүлгийн 2,16,9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох эрхтэй” 2,16,10-д”нийгмийн болон ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй...” гэж тус тус заасан байдаг.
Өөрөөр хэлвэл Монгол Улсын иргэн бүр орон нутагтаа хэрэгжих ажил буюу төсөл санаачлах, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх эрхтэй гэсэн үг. Үндсэн хуулийн дээрх заалтыг жаахан зоригтой өнгийн харвал хувь хүн өөрийнхөө ахуй амьдралд ч, сум орон нутгийн хөгжилд ч туётай ажил санаачлан, бусадтайгаа эвлэн хавсрах замаар сум орон нутгийн төдийгүй улс орны хөгжилд хувь нэмэр оруулах хууль эрх зүйн бүрэн боломж байна гэсэн үг. Бас тэрчлэн манай улс орон бүхэлдээ шилжээд байгаа чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоо ч чухам ийм алхам хийгээч хэмээн хүн ардаа уриалан дуудаад байгаа юм. Хөгжлийн ийм зам мөрөөр олон орон замнаж, чухам ийм зам мөрийг дэлхийн хамтын нөхөрлөлийн байгууллагууд санхүү, мөнгө, мэргэжилтэй боловсон хүчнээр хөхүүлэн дэмжих болоод удаж байна. Энэ бодлого улам бүр хүрээгээ тэлэн шинэ шинэ улс оронд хэрэгжиж байгаагийн бас нэг учир нь дэлхийн хүн ард бичиг үл мэдэх мэтийн харанхуй бүдүүлэгээс ангижирч, хоногийн хоолоо аргацааж, “хувиа борлуулж, довоо шарлуулбал боллоо” хэмээх ядмаг хандлага үеэ элээж, хамтын ухаан бодол, хичээл зүтгэлийн ачаар эрчимтэй хөгжих ардчиллын замд тууштай орж байгаагийн илрэл яах аргагүй мөн. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг мэргэн үг бий. Манай улс төрчдийн аманд сүүлийн үед “...эвтэй байхдаа хүчтэй...” хэмээх үг уяатай байх болсны учир нь ийм биз хэмээн санана. Бас бодоход бичиг үсэг үл мэдэх явдлыг өнгөрсөн оны 60-аад онд арилгаж, арилгаад зогсохгүй Дэлхийн Боловсрол, шинжлэх ухааны мэргэжсэн байгууллагын нэр хүндтэй шагнал хүртэж байсан Монгол Улс, монголчууд бид яахан хоцрох билээ гэж санагдаж байгаа биз? Дээр нь бид чинь хамтын амьдралыг гол тугаа болгосон ардчиллын замд ороод “үлгэр жишээ ” гэгдэж яваа гэдгээ ч бодоод үз. Яав ч энэ үйл явцын гадна байх учиргүй санагдахаар байгаа биз. Манай оронд олон улсын байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж байгаа төсөл, зээл, тусламжийн нэлээн хэсэг ч ийм зорилго тээдэг ажээ. Үүний нэг жишээ бол манайд хэрэгжиж эхлээд нилээн хэдэн жил болж, засаг захиргааны бүх нэгжид хүрээд байгаа Тогтвортой Амьжиргаа-II төсөл юм. Энэ төслийн талаар уншигч Та багагүй мэдээлэлтэй байгаа байх. Нүдэнд харагдаж, гарт гарт баригдах үр дүнтэй энэ төслийн хүрээнд байгагүй хөрөнгө мөнгөөр хэмжигдэх тусламж орж ирж байгааг сонин хэвлэлээрхангалттай мэдээлж байна. Харамсалтай нь, манай хүмүүс өнөөх “харж л байж болдог” хөшүүн зан, усвэл яаж оролцохоо мэдэхгүйгээс ажил хүссэн хэмжээнд өрнөхгүй байна хэмээн дүгнэлтэд төсөл хэрэгжүүлэгчид хүрсэн байдаг. Ингээд Тогтвортой Амьжиргаа-II төслийн газраас хүн ардын дунд ямар ажил хийвэл олон нйитийн идэвхи санаачлагыг өрнүүлэх талаар хамтран ажиллах санал МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төвд тавьсанаар бид 2009 оны 10 сараас хамтран ажиллах болсон. Уг нь манайд хиймээр ажил захаас аван бий. Санаа сохор бол нүд сохор гэдэг. Юутай ч манайхан өрх өрхөөрөө нүүдэллэдэг уламжлалтай орон болоод тэр үү, аль эсвэл XX зуунд эв хамтын нийгэм байгуулна гэж зүтгээд бүтэлгүйтэн, дараа нь 20 гаруй жил муулж байгаа болоод ч тэр үү эвлэж нийлэхдээ хашин морь шиг аашилдаг нь нууц биш. Чөлөөт зах зээл ч тэр болгон эвлүүлж тэр болгон эвлүүлж нэгтгэхгүй байгаа нь бодит үнэн. Ил харагдаж байгаа энэ бүхэнд үндэслэн бид хиих ажлын зорилгоо хүн ардын аж ахуй амьдралд хурдан, үр өгөөжөө өгөх ажил үйлчилгээг өөрсдийн нь санал санаачилгын нь дагуу тодорхойлж, төсөл болгон аль болох түргэн шуурхай хэрэгжүүлэх нэн тэргүүний зорилго юм байна гэж үзэх болсон. Тогтвортой Амьжиргаа-II төслийн зорилго ч тийм. Өөрөөр хэлбэл хаана, юу барих, байгуулах, засахыг баг, хорооны иргэдийн хурлаар хэлэлцэн тодорхойлж, удаах шатны сум, аймгийн засаг даргын зөвлөлөөр шийдвэрлүүлэх, улмаар төслийн биелэлтэнд хяналт тавих, гүйцэтгэлд үнэлгээ өгөх арга ажиллагаанд сургана гэсэн үг. Өөртөө хэрэгтэй зүйлыг өөрсдөө санаачлан, гарах үр дүнг өөрсдөө хүртэх болохоор иргэдийн идэвхи оролцоо нэмэгдэж, төслийн гүйцэтгэлд тавих хариуцлага ч өснө гэж бид тооцсон юм. Ингээд бид санал хэрхэн дэвшүүлэх, төсөл болгон боловсруулах, хэлэлцэх, батлах, хянах, үнэлэх, гүйцэтгэлд яаж оролцох, ямар байдлаар хяналт тавих тухай аргачилал боловсруулан, 2009 оны 12 сараас бүх аймаг, сум, дүүрэгт сургалт зохион байгуулаад байна. Сургалтын тухай урилга заллагыг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон олон хүн цугладаг газар зарлал тавьж, бие хүнээр зар тарааж байгаа боловч хөдөөгийн иргэдийг бодвол хотын оршин суугчдын тоо цөөн байгаа нь бодит үнэн. Гэсэн ч манай хүн ард нэг үеэ бодвол ”төсөл” хэмээгчийн тухай мэддэг, ач тусыг нь ойлгодог болж байгаа болохоор сургалтад ч хамрагдах байдал ихсэж байна. Түүнээс гадна бидний зохион байгуулж байгаа сургалт хүмүүсийн “идэвхи оролцоонд” түшиглэдэгтэй ч холбоотой байж болох юм. Өөрөөр хэлбэл бид хэлж номлохоос илүү бие даан хийхийг чухалчилдаг “оролцоонд суурилсан сургалт” ын арга сонгосонтой ч холбоотой байж болох юм. Сургалтад хамрагдагсад хэрэгжиж буй төслийн “хянагч”, “үнэлэгч”-ээр ажиллаж байна. Ингэж ажилласанаар нэг талаас орон нутаг, улс орны хөгжилд хувь хүний оролцоог дээшлүүлж, нөгөө талаас өөрсдийгөө хөгжүүлж, олны дунд байр сууриа олоход тустай үйл болох нь харагдаж байна. Иргэд төслийн үйл явцад оролцдог болсноор төсөвт хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулахад ахиц гарна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл сүүлийн үед манай улс төрчдийн нэн идэвхтэй ярих болоод байгаа “төсвийн тухай” хууль гарч хэрэгжээд эхэлбэл орон нутгийн хөгжлөө төлөвлөх, төсөвлөх, нэн тэргүүнд хэрэгцээтэй дэд бүтэц, нийгтйин байгууламжаа буй болгох ажлыг гардан хийх бэлтгэл ажил хийгдэж байна гэж хэлж болох юм. Түүнчлэн зөвлөх багийн хамт олон өнгөрсөн бага хугацаанд хуримтлуулсан туршлага, зарим нааштай үр дүндээ түшиглэн сургалт, ухуулгын ажлаа 2010 оны II, III улиралд улам эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Мөн төслийн явцад гарч байгаа ажлын арга барилын харилцан судлуулах зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн зөвлөлдөх уулзалт 2010 оны IV улирал, 2011 оны 1,2 саруудад зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа эцэст нь тэмдэглэн хэлье. Бидний гарт бидний ирээдүй бий. Эвлэн нийлж, санаж сэдэж чадвал бидэнд чадахгүй зүйл, хүрэхгүй сайхан ирээдүй байх учиргүй. Ц. Болормаа, Хүн амын сургалт судалгааны төвийн захирал, Зөвлөх багийн ахлагч
|