Logo
 |  |  | Mongolian


News “Бэлчээрийн харилцааны эрхзүйн орчинг боловсронгуй болгох нь”
“Бэлчээрийн харилцааны эрхзүйн орчинг боловсронгуй болгох нь” PDF Print E-mail
Wednesday, 20 October 2010 10:29

"Тогтвортой амьжиргаа-II” төсөл, “Ногоон алт”  хөтөлбөр, ‘Хот орчмын бэлчээрийн менежмент” төсөл, Монголын бэлчээрийн менежментийн холбоо,  ХХААХҮЯ, УИХ-ын Байгаль орчин, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байнгын Хороо хамтран 2010-10-21-ны өдөр "Бэлчээрийн харилцааны эрхзүйн орчинг боловсронгуй болгох нь"  бага хурлыг Төрийн ордны их танхимд зохион байгуулна.

Тус хурлын үндсэн зорилго бол УИХ-ын зарим гишүүдээс монгол улсын их хуралд өргөн бариад байгаа “Бэлчээрийн тухай” хуулийн төсөлд олон нийт тэр тусмаа хөдөө аж ахуй, мал аж ахуйг гардан эрхлэгчдийн санал бодлыг тусгах, ололттой болон дутагдалтай талуудыг хэлэлцүүлэх, цаашид сайжруулах арга замыг олох бөгөөд хурлын төгсгөлд хурлаас зөвлөмж гарган монгол улсын их хуралд өргөн мэдүүлэх  явдал юм.
Бага хуралд 400 гаруй төлөөлөгч оролцохоос 200 орчим нь малчид, мал бүхий иргэд байх ба “Бэлчээрийн харилцааны эрхзүйн орчинг боловсронгуй болгох нь” “Бэлчээр зохион байгуулалтын ач холбогдол” Хот орчмын бэлчээрийн эрхзүйн байдал” Бэлчээрийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар илтгэл сонсож “Бэлчээр сайжруулаж эхэлсэн тухай дотоодын сайн ололтууд болон Байгалийн нөөцийн хамтын менежментийн тухай гадаадын туршлагаас” сонсож суралцана.
Эцэст нь бэлчээрийн тухай хуулийн төслийн агуулгатай танилцаж хуулийн заалтуудын талаар хэлэлцүүлэг  явуулж үр дүнг нэгтгэн тус хуулинд оруулах Бага хурлаас гарах зөвлөмж болгон батлан УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.
Бэлчээрийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлуулах дараах үндсэн нөхцөл бүрэлдээд байгаа юм, үүнд:
1. Өнгөрсөн жилүүдийн зудын сургамж нь Монголын мал аж ахуй удирдан зохион байгуулагчдын боловсруулсан бодлого чиглэл нь зудын өмнө хүчин мөхөсдсөөр байгааг зайлшгүй өөрчлөх хэрэгтэйг нотлосоор байгаа.
2. Дэлхийн уур амьсгалын дулааралт, өнөөгийн бэлчээрийн доройтолд манай одоогийн мал аж ахуй эрхлэх арга барил сөргөөр нөлөөлсөөр байгаа,
3. Байдал ийм атал малчид цаашид хэрхэн мал аж ахуйгаа эрхлэх талаар шийдэл олоход хуулийн зохицуулалт эрх зүйн орчин, бодлогын шинэлэг чиглүүлэлт хүлээгдсээр байгаа юм.
Тус хуулийг нэгэнт санаачлан өргөн мэдүүлсэн бөгөөд зарим нэг өөрчлөлт оруулж, сайжруулан батлан хэрэгжүүлж эхэлбэл орон нутагт хуулийг хүлээж авах дараах нааштай нөхцөл, боломжууд бүрдээд байна:
1. Малчид бэлчээрээ хувиартай ашиглаж, сумын менежментийн төлөвлөгөөнд өөрсдийн санал бодлыг тусгаж, үйл ажиллагаа төлөвлөдөг болсон,
2. Малчдын эргэлзэж байгаа асуудал болох бэлчээр эзэмших, өөрийн эзэмшил газартай болох талаарх эрх зүйн асуудал хүлээгдэж байгаа,
3. Засгийн газраас иргэдийн оролцоо, орон нутгийн бодлогод хяналт тавих бололцоог төсөл хэрэгжүүлэх замаар бүрдүүлж, шаардагдах туршлага хуримтлуулж эхлээд байгаа зэрэг таатай эхлэл бүрдээд байгаа юм.
Тус бэлчээрийн тухай хуулинд тусгагдсан зарим асуудлаар дараах сайн үр дүн гарна гэж үзэж байна, үүнд:
1. Бэлчээрийн даацын үнэлгээг тооцсоноор малын тоонд хяналт тавьж эхлэх,
2. Бэлчээрийн даацыг тохируулах замаар нөөц бэлчээр бий болох, бэлчээрийн ургамалжилт нэмэгдэх, тарималжуулах, 
3. Малчид, мал бүхий иргэдийг чанартай цөөн малтай байж, бэлчээртэй холбоотой асуудлуудад нийтээр оролцож тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэж, улмаар хэтийн ашиглалтаа төлөвлөдөг болох
4. Бэлчээрийн хураамж тооцдог болж, хуримтлагдсан орлого нь зөвхөн тухайн малчин, орон нутгийн бэлчээрийн зохион байгуулалтад зарцуулагддаг болох сайн талуудтай одоогийн байдлаар ажиглагдаж байгаа юм.
Ингэж бэлчээрийн тухай асуудлыг малчид, мал бүхий иргэд, мал аж ахуйг гардан эрхлэгчдээр хэлэлцүүлсэнээр монгол улсын бэлчээрийн мал аж ахуйд олон жил оршсоор ирсэн нэн тулгамдаад байгаа асуудлуудад шууд хамаарах олон нийт, малчдын саналыг өөрсдөөс нь сонсож тусгах, алдаа оноог засаж, хариу шийдэл олж тус Бэлчээрийн тухай хуулинд тусгуулах, ингэснээрээ тус хуулинд малчдын асуудлуудыг бүрэн тусгаж, орон нутагийн бодит байдалтай бүрэн нийцсэн үр өгөөжтэй, бэлчээрийн нөхцөлд мал аж ахуй эрхлэхэд таатай урт удаан настай хууль бий болгоход туслах нэн ач холбогдолтой.
Мөн тус бага хурлын үр дүн бол тус хуулийн агуулгыг санаачлагч талууд шийдээд зогсохгүй тус хуулийн хүрээнд шууд хамаарал бүхий бэлчээр ашиглаж байгаа малчид, мал бүхий иргэд, бусад этгээдүүд өөрийн асуудлаа илэрхийлэн шийдэх арга замуудыг бүрэн тусгасаны үндсэн дээр тус хуулийг нааштайгаар хүлээн авч, хэрэгжилтэнд сэтгэл хангалуун байх урьдчилсан уур амьсгалыг нийгэмд бүрдүүлнэ гэж үзэж байна.

 

Login

username
password

Best Practices

Trainings

You initiate, we will support you

Development Marketplace

Visitors


Today:363
Yesterday:297
This month:7741
Last month:11056
Total:175796