Logo
 |  |  | Mongolian


News Хөгжилд хурд нэмсэн төсөл
Хөгжилд хурд нэмсэн төсөл PDF Print E-mail
Thursday, 23 September 2010 15:08
Монгол Улсын хэмжээнд өргөн хүрээтэй, дорвитойхон хөрөнгө оруулалт хийж ажилладаг цөөхөн хөтөлбөрүүдийн нэг болох “Тогтвортой амьжиргаа-II” төсөл нь Хэнтий аймагт энэ онд 152 төслийг 664 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлжээ. Хөтөлбөрийн зүгээс дэмжиж байгаа төслийг хэрэгжүүлэхдээ төвлөрлийг сааруулах, олон нийтийн оролцоотой байх, уялдаа холбоотой, ил тод байдлыг эрхэмлэх зэрэг шалгуурын дагуу Олон нийтийн санаачилга, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага гэсэн хоёр томоохон бүрэлдэхүүн хэсгийн олон арван төслийг иргэдийн санаачилгынх нь дагуу орон нутагт хэрэгжүүлэхэд нь дэмжиж байна.

 Тухайлбал, Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсэгт багтаж буй боловсрол, соёлын салбарын хүрээнд, сургуулийн биеийн тамирын талбай, мэдээлэл зүйн кабинет байгуулах, дотуур байрны тохижилт, цэцэрлэгийн гадна дотор ашиглах тоглоом нийлүүлэх, соёлын төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээ хийх зэрэг 148 орчим сая төгрөгийн 30 төсөл хэрэгжүүлсэн байна. Мөн эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, багийн эмчийг унаажуулах, чийрэгжүүлэлтийн танхимыг тохижуулахаар 54 гаруй сая төгрөгийн 12 төсөл, дэд бүтцийн салбарт, халуун ус засварлах, ундны усны худаг шинээр гаргах, явган хүний зам тавих, ахуйн үйлчилгээний барилга барихаар 194 гаруй сая төгрөгийн 18 төслийг хэрэгжүүлж байна гэж төслийн нэгжийн зохицуулагч Ж.Даваасүрэн ярилаа.
 Ийнхүү Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд бодит ажил болох 400 гаруй сая төгрөгийн өртөгтэй 60 төслөөс 53 төсөлд нь 358 сая төгрөгийн санхүүжилтыг бүрэн хийжээ. Төслийн зааврын дагуу нийт санхүүжилтийн таван хувийг иргэдийн хандив хөрөнгөөр бүрдүүлдэг юм байна.  Мөрөн сумын дунд сургуулийн захирал М.Ариунаа “Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа “Тогтвортой амьжиргаа II” төсөл нь хөдөөгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх, тогтворжуулахад үйл ажиллагаа чиглүүлж бодит дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Манай сургуулийн хувьд 2010 онд иргэдийн санал санаачилгаар Нийтийн биеийн тамирын талбайн “Хөдөлгөөн эрүүл мэнд”, интернет мэдээллийн төвийн “Цахим боловсрол” гэсэн төслийг “Тогтвортой амьжиргаа II” төслийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүллээ. Орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн интернет мэдээллийн төв байгуулж сургууль, багш нар, сурагчид, сумын иргэд ,албан байгууллага хувь хүмүүс зэрэг нийгмийн бүхий л хүрээнд мэдээлэл харилцаа холбооны технологийг өргөнөөр ашиглаж хүртээмжтэй чанартай үйлчилгээ үзүүлж, мэдээллийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах боломж бололцоог бүрдүүлж өгсөнд баяртай байна. “Тогтвортой амьжиргаа II” төслөөс ашиг хүртэгчид нь хязгааргүй олон юм” гэсэн юм.
 Харин Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 267 орчим сая төгрөгийн төсөвтэй 78 төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Булаг шанд, нуурын эхийг хамгаалж хаших, энгийн уурхайн худаг шинээр гаргах, засварлах, мал угаалгын ванн, тарилгын хашаа барих, бэлчээр хашиж олон наст ургамал, мод жимс тариалах, хадлан бэлтгэх, тоног төхөөрөмж авах, малын үүлдэр угсаа сайжруулах төслүүд амьдрал дээр хэдийнэ хэрэгжээд эхэлжээ. Яг одоогоор, энэ бүрэлдэхүүн хэсгийн 78 төслөөс 65 төслийн 118 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Хэрлэн сумын “Ногоон тэжээл” төслийн гүйцэтгэгч, бүлгийн ахлагч Б.Гончигсүрэн ярихдаа, “Манай бүлгийн гишүүд багийн Иргэдийн Нийтийн Хуралдаа идэвхтэй оролцож өөрсдийн саналаа дэмжүүлээд төсөл болгон хэрэгжүүлж байгаадаа баяртай байдаг. Бүлгийнхэн маань амьдрал ахуйдаа хэрэглэх ногоон тэжээлийг тариалсан талбайгаасаа 100 хувь хураан авч, мал бордох цэг байгуулж эхний ээлжид 30 гаруй бяруу шүдлэнг зах зээлд нийлүүлэх зорилгоор шахаж бордоно. “Тогтвортой амьжиргаа-2” төслийг өгөөжийг хүртэж яваадаа сэтгэл дүүрэн байдаг” гэв.

 

/Цэнхэрмандал сумын Баянмод багийн Иргэдийн Нийтий хуралд оролцогсод/

Хэнтий аймаг 83 багтай, 80.3 мянган ам дөрвөлжин км талбай бүхий уудам газар нутагтай. Энэ онд Багуудын Иргэдийн нийтийн хуралд таван мянга орчим хүн оролцож 602 санал гаргаж сумдын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд 152 төслийг нь баталжээ.

 

 

Хэнтий нутагт хэрэгжүүлсэн төслийн хөрөнгийн 49 хувийг дэд бүтцийн салбарт, 13 хувийг эрүүл мэндийн салбарт, 38 хувийг боловсролын салбарт тус тус зориулжээ.
 Дархан, Дэлгэрхаан, Норовлин, Цэнхэрмандал, Жаргалтхаан сум, Бэрх тосгоны хүүхдийн цэцэрлэгүүдэд 20 гаруй сая төгрөгийн тоглоом нийлүүлж багачуудын тоглож наадах орчинг бүрдүүлэхэд нь хувь нэмрээ орууллаа.

 

 

 

   Мөрөн сумын сургуулийг интернэт төвтэй болоход нь 14 гаруй сая төгрөгийн хөрөнгө зарцууллаа.

 

    

 

 Дархан, Хэрлэн сумдын сургуулийн дотуур байрыг төслөөс зургаан сая гаруй төгрөгийн санхүүжилтээр дэмжсэн нь 105 малчин өрхийн хүүхдүүдийн тохь тухтай амьдарч сурах нөхцөлийг бүрдүүлжээ.

             

 

 

Жилээс жилд хүн ам нь өсөн тэлж байгаа Дархан сумын Бор-Өндөр уул уурхайн тосгоны гэр хорооллын 4001 иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэх болсон нь “Тогтвортой амьжиргаа” төслийн үр шим байлаа. Төслөөс ус зөөвөрлөх автомашинтай болох санаачилгыг нь дэмжсэн юм.

   

 

 Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Хэнтий аймагт 270 шахам сая төгрөгийн хөрөнгөөр сумдын 78 төслийг санхүүжүүлсэн байна. Батширээт, Баянмөнх, Галшар, Дархан, Мөрөн, Жаргалтхаан сумдын нутаг дахь 10 булгийн эхийг 15 гаруй сая төгрөг зарцуулан хашиж хамгаалсан юм.

       

 

 Мал сүргийг эрүүлжүүлэх зорилгоор Батширээт, Биндэр зэрэг хангайн хоёр суманд угаалгын ванн, тарилгын хашаа барихад дөрвөн сая гаруй төгрөгийг зарцуулжээ.

     

 

 

 Хэрлэн суманд “Ногоон тэжээл” төсөл хэрэгжлээ. Энэ мэтчилэн бэлчээр хашиж олон наст ургамал тариалах 13 төслийг 91 сая төгрөгөөр санхүүжүүлснээр 15 малчний бүлгийн 345 хүн ашгийг нь хүртэх боломжийг олголоо.

    

 

Баян-Овоо, Галшар, Дархан, Норовлин сумдад 22 энгийн уурхайн худаг гаргасан нь 112 малчин өрхийн 28 мянга гаруй мал сүргийг ундны усаар гачигдахгүй болголоо.

 

 

 

 

/"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин, 2010.09 сар/

 

Login

username
password

Best Practices

Trainings

You initiate, we will support you

Development Marketplace

Visitors


Today:362
Yesterday:297
This month:7740
Last month:11056
Total:175795