Logo
 |  |  | Mongolian


News Тогтвортой Амьжиргаа-II төслийн зүгээс Мал аж ахуйн эрсдлийг бууруулах загвар бий болгож байгаа нь
Тогтвортой Амьжиргаа-II төслийн зүгээс Мал аж ахуйн эрсдлийг бууруулах загвар бий болгож байгаа нь PDF Print E-mail
Thursday, 03 June 2010 14:18
   Бэлчээр ашиглалтын талаар сүүлийн үед их ярих боллоо. Мянга мянган жилээр уламжлуулан эрхэлж ирсэн аж ахуйн талаар ёстой л өнөө “...марксизмаар заалгахгүй ээ...” гэдэг шиг ундууцан яршиглан үл тоох янз ч ажиглагдах шиг... Гэтэл гадны олон байгууллага туслая, дэмжие хэмээн гар сунгах болоод байгааг бид юу гэж үзэхэв? Өнөөх л үл итгэх, үгүйсгэх зангаараа үл тоож, зальтай улсын бас л нэг мөнгө угаах арга гээд сэгсэрч болох л юм.
 Харин бид уншигч Таны анхааралд зарим нэг бодол эрэгцүүллээ толилуулъя хэмээн зүрхэлж байна. Та цаг зав гарган болгоогтун.

   Манай улсын малын тоо сүүлийн хэдэн жилд огцом өсөж, дээр нь төв рүү чиглэсэн хүн амын нүүдэл бас мал аа дагуулах болсныг бид мэднэ. Ингэснээр нэгж бэлчээрт ногдох малын тоо толгой эрс ихэссэн. Ахуй амьдралаа өөрөө л үүрэх учиртай эдийн засгийн харилцаанд шилжсэн малчид зах зээлд ойртох гэснийг буруутгаж ч яаж болох билээ. Тийм л болохоор тухайн үед эрэлт ихтэй, үнэ өндөртэй “ноолуур”-т хөтлөгдөн “хүйтэн хошуутай” хэмээдэг ямааны тоо өссөн. Төвлөрсөн төлөвлөгөөт үеийн засаг захиргаа, зохион байгуулалтын тогтолцоо үгүй болсон.
   Бэлчээр талхлагдсан явдалд ганц мал, малчин хоёр л буруутай гэвэл бас тийм биш ээ. Мөн л сүүлийн хэдэн жилд хүний өөрийн, хуулийн дагуу хийгээд хууль бус аргаар хушуурах болсон уул уурхай малын бэлчээр хумьж, ус ургамал сүйтгэж байгааг бид өдөр бүр хэвлэл мэдээллээс харах болоод байна. Үүний хажуугаар “юу ч хийхгүй сууж бай, сайхан амьдралын батлагаа болсон сая сая төгрөгийн бороо оруулна” гэх улс төрийн амлалтад хууртсан, “цаана чинь дэлхий дулаараад бороо, цас орохоо байлаа” хэмээн юу ч хийхгүй байгаагаа зөвтгөх гэсэн сэтгэлгээ газар авч байна. Дэлхийн цаг уур жилд дунджаар 0,7 хэмээр манай орны цаг агаар жилд дунджаар 2,1 хэмээр дулаарлаа гэсэн судлагаа байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол өөр арга алга хэмээн мөрөө хавчин олон улсын хурал дамжин илтгэл айлтгал тавин цаг алдах шалтаг болох учиргүй санагдана.
   Олон улсын байгууллага хийгээд хамтын нөхөрлөлийн орнууд яагаад манай мал аж ахуй, бэлчээрт санаа тавих болсон талаар бодлоо хэлье. Олон мянган жилийн түүхтэй хүн төрлөхтний буй болгосон соёл иргэншлийг ердөө суурин хийгээд нүүдлийн гэж ангилдаг гэдгийг уншигч Та мэднэ. Ахуй амьдрал нь зовлон багатай болсон хүмүүс үрэгдэж алга болж байгаа амьтныг хүртэл хадгалж үлдээхсэн гэхдээ дэлхийн улаан номд орсон тахь мэтийг авчирж эх нутагт нь “нутагшуулж” байгаа шүү дээ. Бас нүүдлийн соёл иргэншил гэгчийг улс үндэстний имиж болгож, сонгодог утгаар нь хадгалж байгаа орон хэмээгдэж байгаагийн хувьд, нүүдлийн өвөрмөц соёл иргэншлийг хамгаалах суурь үндэс нь бэлчээр гэдгийг ухаж ойлгосон тэр сайн санаат байгууллага хүмүүсийн анхааралд өртсөн гэж над санагддаг. Чухам тийм сайн санаат байгууллага болох Дэлхийн Банк, Европын Холбоо, Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр Тогтвортой амьжиргаа-II төсөл хэрэгжиж байгаа юм.       
Уг төслийн “Мал аж ахуйн эрсдлийн удирдлага” хэсгийн зорилт нь эх газрын эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай, дэлхийг хамарсан байгал-цаг уурын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа нөхцөлд бэлчээрийн өөрчлөлт болон байгалийн гамшгаас шалтгаалан үүсэж болох эрсдлийг урдчилан харах, хор хохирлыг зөөлрүүлэх, даван туулах арга замыг тодорхойлохыг зорьж байгаа юм.

Бэлчээр, эрсдлийн менежментийг сайжруулах шаардлага

Бэлчээр ашиглалтыг 1990-ээд он хүртэл нэгдэл, сангийн аж ахуйгаар дамжуулан зохицуулж байв. Улирлын болон нөөц бэлчээрийн хил заагийг тогтоохын зэрэгцээ малын төрлөөр болон мал услах байршилтай уялдуулан ашиглаж байв. Энэ үед мал аж ахуй өртөг өндөртэй “татаасан”-д суурилж байсан ч болзошгүй гамшгийн үед хамгаалах нийтийг хамарсан чадварлаг тогтолцоотой байлаа. Ган, зуд болоход ашигладаг сум, аймаг дундын болон улсын отрын нутагт малаа оруулдаг журам үйлчилж байв. Худаг ус, хашаа саравчны хангамж, хадлан тэжээл бэлтгэл, мал оторлон таргалуулах, үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэндийг хамгаалах  ажил нэгдсэн бодлогоор хийгдэж байжээ.
Харин энэ бүхэн зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1991-1992 оноос алдагдаж, малын тоо өссөнөөс бэлчээр улирлаар хуваарилан ашигладаг уламжлалт технологи үгүй болсноор экологийн тэнцвэр алдагдаж байна. Бэлчээрээ амраахаар сэлгэн нүүсэн нэгнийхээ араар нөгөөх нь малаа оруулах явдал газар авснаар өвөлжөө, хаваржаанаасаа холдож чадахгүй эргэлдэн талхалж, холын бэлчээрээ ашиглахгүй байх нь түгээмэл боллоо. Уг нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө сум бүр боловсруулж, мөрдөх хуулийн заалт бий ч хэрэгжихгүй байна. 
Төр, засгийн зүгээс анхаарч байгаа ч малчдад хүрсэн, өгөөжтэй, нэгдмэл тогтолцоо бий болж чадахгүй байгаагийн шалтгаан:
1. Байгууллага хоорондын нэгдмэл удирдлага, уялдаа, зохицуулалт сул (бэлчээр, эрсдлийн менежментийн чиг үүргүүд хэд хэдэн яамдад салсан)
2. Төрийн албаны хариуцлага, санхүүжилттэй нарийн уялдаагүйгээс хэрэгжих  батлагаа сул, бэлчээрийн нөөцийг замбараагүй ашиглах явдал газар авсан
3. Төлөвлөлтөд малчид, орон нутгийнхны оролцоо хангалтгүй, гол төлөв дээрээс доош чиглэсэн удирдлагын шинжтэй шийдэгдэж байгаа
4. Асуудлыг төлөвлөгөө бодлогогүй, урсгалд орхисон
5. Орон нутаг дахь мэргэжлийн, технологийн болон санхүүгийн архагшсан дутагдлын улмаас гаргасан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх чадвар нэн сул байна. Бодлого-хөтөлбөр, хэрэгжүүлэх чадвар хоёр зөрдгөөс хагас дутуу хэрэгжүүлсэн нэр зүүх явдал зонхилж, хөтөлбөр биелэхгүй болоход хүрч байна.
6. Үйл ажиллагаа туйлбаргүй байгаа явдал гэж үзэж болохоор байна

Тогтвортой амьжиргаа-II төслөөр хийж байгаа ажил

   Тогтвортой амьжиргаа-II төслөөр бэлчээрийг төлөвлөгөөтэй, зохистой ашиглах, МАА эрсдэлтэй тэмцэх тогтолцоог орон нутгийн байгууллага, малчдын оролцоотой бий болгож, хэвшүүлэх ажил эхлүүлээд байна. Энэ зорилтыг хангахын тулд дараах зарчмуудыг баримталж байна. Үүнд:
1. Нийт малчдыг оролцуулах боломжоор хангах;
2. Үйл ажиллагааны хоорондын уялдааг хангах;
3. Уян хатан байх-хувьсамтгай байгаль, цаг агаарын өөрчлөлтөд хариу үйлдэл шуурхай хийх чадвартай байх;
4. Орон нутгийн төрийн үйлчилгээний бага зардалтай  уялдуулах;
5. Орон нутгийн чадавхийг дээшлүүлэх зэрэг болно.
   Малчдыг жигд татан оролцуулахын тулд хот айл, хэсэг бүлэг бүрээс санал авч, гарсан саналыг багийн иргэдийн хурлаар хэлэлцүүлэн уралдуулж, шалгарсныг бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Малчдаас гарсан саналыг шалгаруулахдаа бас ашиг хүртэгч өрхийн тоо, ядуу өрхийн тоо, малчдын зүгээс оруулах хувь хөрөнгө, төслийн өртөг, хэрэгжүүлснээр эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй талуудтай зөвшилцсөн эсэх, хэрэгжих боломж зэрэг үзүүлэлтийг ч  харгалзан үзэж  байна. 
   Цогцоор хандах буюу үйл ажиллагаа хоорондын уялдааг хангахын тулд бэлчээр, эрсдэлийн менежментийн жилийн хуанли боловсруулан мөрдөж байна. Хуанлид жилийн турш хэрэгжүүлэх гол үйл ажил, цаг хугацаа, малчид, холбогдох албан  тушаалтны хариуцах ажил үүргийн хуваарь зэргийг тусгав. МАА эрхлэлтэд эрсдэл бодитой учирсан, бэрхшээлийн дараах үед хэмээх үндсэн үе шатаар авбал зохих арга хэмжээ, холбогдох албан тушаалтны гүйцэтгэх үүргийг харуулсан үлгэрчилсэн загвар гаргаж, түүндээ тухайн сумын онцлогийг тусгахыг зорьж байна.
   Уян хатан байх үүднээс урьдаас төлөвлөх боломжтой, боломжгүй гэж 2 хуваан боломжит үйл ажиллагааг урьдчилан төлөвлөдөг. Харин боломжгүй хэсгийг тухайн үед нь шуурхай зохицуулахад шаардлагатай төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоо буй болгохыг зорьж байна.  Тухайлбал, хашаа, саравч засварлах, барих, худаг ус гаргах, засварлах, мал эмнэлгийн тарилга, туулгалт хийлгэх зэрэг цаг агаараас бага хамаарах ажлыг  төлөвлөж хэрэгжүүлдэг, харин өвс тэжээл бэлтгэл, бэлчээрийн оготоно, царцаатай тэмцэх зэргийг тухайн цаг үеийн онцлогт тохируулан шийдэх нь зүйтэй гэж үзэж байна.
   Орон нутгийн төрийн үйлчилгээ, бага зардалтай уялдуулах. Малчдад хүрч ажиллахад хамгийн их зардал шаардагддаг. Үүнийг төрийн алба, үйлчилгээний өнөөгийн тогтолцоотой  зардал багатай холбох арга нь багийн хурал гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл жилийн ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх талын малчидтай холбогддог хэсгийг багийн өдөрлөг, хурлаар дамжуулан гүйцэтгэх нь зардал хэмнэх үндсэн арга болно. Багийн хурлаар малчдын амин чухал асуудал болсон бэлчээр ашиглалтын талаар хэлэлцэж, хэрэгжүүлээд ирэхээр хурлын ирц, идэвх ихээхэн нэмэгдэж байна.
   Орон нутгийн чадавхыг дээшлүүлэх үүднээс аймаг, сум, багийн түвшинд бэлчээр, эрсдэлийн менежментийн зохион байгуулалт, мэргэшлийн, техник хангамжийн болон санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд төслийн нэг гол зорилго чиглэгдэж байна. Энэ зорилгоор холбогдох байгууллага, албан тушаалтны бэлчээр, эрсдэлийн менежментийн чиглэлээр гүйцэтгэх үүргийг тодорхойлон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд суулгаж өгөн хэвшүүлж байна. Мэргэжлийн чадавхтай болгох зорилгоор сургалт, үзүүлэх сургууль, туршлага солилцох ажил зохиож байна.
   Түүнчлэн төслийн зүгээс 2010 онд нийт сумдыг байршил хэмжигч багаж (GPS)-аар, аймгийн газрын албадыг газрын зураг хэвлэгч том оврын принтерээр хангаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой ажил болж байна гэж үзэж байна. 
   Төв аймгийн Эрдэнэ, Эрдэнэсант сумдад 2006 онд Тогтвортой амьжиргаа-I төслөөр хэрэгжүүлсэн туршлагаас үзвэл бэлчээр, эрсдэлийн менежментийн урсгал зардалд нэг суманд жилд 1.2 сая төгрөг шаардагдах тооцоо гарсан. Мөн малчдаас гарсан саналыг орон нутагт хэрэгжүүлэхэд багаар бодоход нэг суманд жилд 6 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал шаардагдах тооцоо гарч байв. Төсөл хэрэгжих үед үүнийг төслөөс санхүүжүүлж, дараа нь аймгийн ИТХ-ын шийдвэрээр сум бүрийн жилийн төсөвт 7.5 сая төгрөг олгон үргэлжлүүлэн санхүүжүүлж байсан туршлага бий. Тогтвортой амьжиргаа-II төслөөр малчдаас гарсан саналыг дэмжин санхүүжүүлэхэд зориулж жил бүр нэг суманд дунджаар 5 мянган ам. доллар олгож байна. Үүний зэрэгцээ бэлчээр, эрсдлийн менежементийн үйл ажиллагааг үлгэр жишээч хэрэгжүүлэх үүднээс загвар сумдад жилд 60 орчим мянган ам. долларын нэмэлт санхүүжилт олгож байна. Цаашид төр засгийн зүгээс төсөл дууссаны дараа бэлчээр, эрсдэлийн менежментийг төлөвлөж, хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг орон нутгийн төсөвт суулган санхүүжүүлж байх талаар тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байна. Энэ ажлыг төсвийн төвлөрлийг сааруулах эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийх боломжтой. Ер нь суманд МАА-н эрсдлийн сан байгуулж, учирч болох эрсдлээс өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай болгох нь онцгой чухал болохыг өнөөгийн зудын гамшиг бэлхэнээ харуулж байна.
   Тогтвортой байдлыг хангаж хэвшүүлэх. Тогтвортой амьжиргаа төслөөр эхэлсэн ажил төсөл дууссаны дараа үргэлжлэх нь чухал. Үүний тулд бэлчээр, эрсдэлийн менежментийн талаар хууль ёсны үүрэг хүлээх учиртай орон нутгийн албан хаагчдад шаардагдах мэдлэг чадвар олгох, ажлын үр дүнг нь төрийн байгууллага үнэлж дүгнэдэг, хариуцлага тооцдог, шагнаж урамшуулдаг тогтолцоотой болгох арга замыг хайж байна.
 
Бэлчээрийн зураглал

   Энэ бол малын бэлчээр ашиглалтын өнөөгийн байдлыг дүгнэх, цаашид хийх ажлыг төлөвлөх, нөхцөл байдалд хяналт тавих тулгуур гарааны нөхцөл болно. Тогтвортой амьжиргаа-II төслөөр өрхийн аж ахуйн өнөөгийн онцлогт нийцсэн бэлчээрийн зураглал зохиох арга зүй нэвтрүүлэх, бүх сумын зураг зурах ажил хийж байна. Өөрөөр хэлбэл бэлчээрийн суурь зураг, бэлчээрийн ачаалал, уст цэгийн байршил, бэлчээрийн улирлын хуваарь, даац зэргийг сум бүрээр гаргаж байна.
   Зурагт газрын хотгор, гүдгэр, өндөршил, ой, ус, элс, зам, худаг зэрэг байгаль, эдийн засгийн үндсэн нөхцөл, малчдын 4 улирлын байршлыг тусгахыг зорихын зэрэгцээ цаг агаарын хэвийн нөхцөлд малчдын бүлгийн ашиглаж байгаа бэлчээрийн албан бус хилийг тодорхойлохыг зорьж байгаа юм.
   Мөн бэлчээрийн ачааллыг улирал бүрээр зохицуулах, сумын дотоод болон сум дундын отрын нөөц нутаг бий болгох үндэслэл болно гэж бид үзэж байна. Түүнчлэн уст цэгийг зурагт тодорхой зааснаар цаашдаа бэлчээр усжуулалтыг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэс болно. Өнөөдөр хаана, ямар газар бэлчээр хуваарьгүй ашиглагдаж, талхлагдаж байгаа талаар цэгцтэй мэдээлэл байхгүйгээс үүсэж байгаа хор хохирол их байна. Улирлаар хийж байгаа зураг энэ сөрөг үзэгдлийг зогсоох үндэс болно гэж бид тооцож байна.

Малчдын хоршилт, хамтын ажиллагааг дэмжих талаар

   Малчид хоршиж, хамтран ажиллах явдлыг дэмжих нь мал аж ахуйн салбарын зохион байгуулалтын шинэчлэлийн нэг тулгамдсан зорилт болоод байна. Харин үүнийг дээрээс зохион байгуулалтын аль нэг хэлбэр тулгах замаар бус, малчдын дунд одоо буй болоод байгаа хамтын ажиллагааны хэлбэрүүдэд суурилан хөхүүлэн дэмжих зарчим барьж байна. Нэг гол, усаараа хоршдог уламжлал бүлэг хоршоо байгуулах замаар хамтрах ажлыг дэмжих эх суурь болж чадах нь харагдаж байна.

Малчдын бизнес сэтгэлгээг дээшлүүлэх талаар

   Манай малчдын  олонх өнөө маргаашаа аргацаан амьдардаг сэтгэлгээнээсээ салахгүй байна. Малчид өрхийн орлогоо нэмэгдүүлэх арга замаа малын тоо толгойг олшруулах л явдал гэж үзсээр байгаагаас биш бүтээгдэхүүний чанар сайжруулах, таваарлаг байдлыг дээшлүүлэх, малаа аж ахуйн эргэлтэд оруулж, өгөөжийг нь хурдасгах, маркетинг, менежментээ боловсронгуй болгох талаар санаачлага гаргах нь бага байна. Тогтвортой амьжиргаа-II төслөөр малчдад бизнесийн сэтгэлгээ, аж ахуй эрхлэх арга барилыг өөрчлөх чиглэлээр сургалт явуулж байна. Ингэхдээ өрхийн аж ахуйн анхан шатны бүртгэл хөтлөх, зорилгоо тодорхойлох, жижиг зээлийн төсөл бичих, МАА-н маркетингийн бэрхшээлийг даван туулах, МАА-н бус орлого олох үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх арга зам зэрэг наад захын ойлголтыг өгөх сургалт зохион байгуулж байна.

 

Бодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-Амгалан

 

Login

username
password

Best Practices

Trainings

You initiate, we will support you

Development Marketplace

Visitors


Today:359
Yesterday:297
This month:7737
Last month:11056
Total:175792