|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай улс багагүй хохирол амссаар байна. Өнгөрсөн өвлийн зуднаар л 8000 гаруй өрх хотоо харлуулсан гэх мэдээлэл бий. Мэдээж энэ нь цаг агаарын хүйтрэлээс гадна бэлчээрийн зөв менежмент хийгээгүйгээс үүдэлтэй. Тиймээс “Тогтвортой амьжиргаа-II” төслийн газар бэлчээрийн мониторинг хийх, мал аж ахуйд учирч болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллахаар болжээ.
Өөрөөр хэлбэл, орон нутагт байгалийн болзошгүй эрсдэлийн эсрэг авах арга хэмжээг төлөвлөж, эрсдэлийг даван туулах чадавхийг бэхжүүлэхэд туслах, урьчдилсан сэрэмжлүүлэх тогтогтолцоог бүрдүүлэхээр болсон байна. Энэ ажилд “Тогтвортой амьжиргаа” төслийн газраас гадна “Мерси Кор” олон улсын байгууллага, Цаг уур орчны шинжилгээний газар, Ботаникийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтарч оролцохоор болж, өнгөрсөн баасан гаригт хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэ үеэр “Тогтвортой амьжиргаа” төслийн газрын захирал А.Хашцэцэг “Анх 2009 оны есдүгээр сард “Тогтвортой амьжиргаа” төслийн газар, “Мерси Кор” олон улсын байгууллага хамтарч бэлчээрийн мониторинг хийх гэрээнд гарын үсэг зурсан. Харин өнөөдөр олон байгууллага хамтарч энэ чиглэлд ажиллахаар боллоо. Энэ ажил 2012 онд дуусах ч Цаг уур, орчны шинжилгээний газар цаашид үргэлжлүүлэх боломжтой” гэж мэдэгдсэн юм. Үүнийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин бататгаж, “Хөдөө аж ахуйн салбар цаг уурын бэрхшээл их амсдаг. Байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа энэ цагт байгуулж буй бидний санамж бичиг мал аж ахуйн салбарт сайн нөлөө үзүүлэх болно” гэсэн. Мөн Мал аж ахуй, цаг уурын харуулын тоог өсгөж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх болно гэж мэдэгдлээ. - “Тогтвортой амьжиргаа-II” төслийг 2008 оны тавдугаар сараас Монгол Улсын 21 аймаг, 329 суманд хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, зам гүүр, нийтийн эзэмшлийн байгууламж, ундны ус, байгаль орчныг сэргээх, бэлчээрийг сайжруулах чиглэлийн дэд төслийг орон нутгийн иргэд, удирдлагатай хамтран тодорхойлон хэрэгжүүлж байгаа юм. Харин холбогдох байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурагдсанаар Энэ санамж бичиг зурагдсанаар ТEXAC-ийн их сургуультай хамтран өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж ашиглан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, бэлчээрийн нөхцөл байдлын талаарх зураглалыг 60 хоногийн өмнө малчдад хүргэснээр байгалийн эрсдэлд бэлэн байх түүнд хариу үйлдэл хийх боломжтой болж , бэлчээрийн менежментийн чиглэлийн үйл ажиллагаа улам өргөжих боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл, Монгол орны бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох, мал аж ахуйн эрсдэлийг урьдчилан сэрэмжлүүлэх үндэсний мониторингийн системийг бүрдүүлэх, улмаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, судалгааны нэгдсэн аргазүйг боловсруулах, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдийг цогц мэдээллээр хангахад энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа юм. Санамж бичигт гарын үсэг зурсан талууд тодорхой чиглэлээр үйл ажиллгаа явуулахаар болсон байна. Тухайлбал, “Тогтвортой амьжиргаа” төслийн газраас “Мал аж ахуйн эрсдэлийг урьдчилан мэдээлэх тогтолцоо төслийг 2012 оны гуравдугаар сар хүртэл санхүүжүүлэх юм байна.
"Үндэсний шуудан" сонин дугаар №105 /2010.05.03/ |