Logo
 |  |  | Mongolian


News АЙМАГ БҮР ЗАГВАР СУМТАЙ БОЛНО
АЙМАГ БҮР ЗАГВАР СУМТАЙ БОЛНО PDF Print E-mail
Thursday, 08 April 2010 11:14

          Манай оронд амжилттай хэрэгжиж  буй томоохон төслүүдийн нэг нь  Дэлхийн банк, Европын холбоо, Япон Улсын засгийн газрын  санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй  “Тогтвортой амьжиргаа-II” төсөл юм. Төслийн зорилго бол иргэд, бүлэг хамт олныг орон нутгийн засаг, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, төлөвлөснөө хэрэгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй татан оролцуулахад чиглэгддэг. Иргэдийн өөрсдийн санал санаачлагад тулгуурлан хэрэгждэг учраас иргэд төслийн үр дүнд ам сайтай байдаг. “Тогтвортой амьжиргаа-II” төсөл хэд хэдэн бүрэлдхүүн хэсэгтэй хэрэгжиж байгаа ба нэг томоохон хэсэг нь Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага хэсэг юм.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай, дэлхийг хамарсан байгал-цаг уурын өөрчлөлт нэн эрчимтэй явагдаж байгаа нөхцөлд нүүдлийн мал аж ахуй эрхлэлтийн суурь нөхцөл болох бэлчээр болон байгалийн гамшгаас шалтгаалан үүсэж болох эрсдлийг урьдчилан харах, хор хохирлыг зөөлрүүлэх, даван туулахад чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд төслийн хэсгийн үндсэн үйл ажиллагаа  оршино. Энэ төсөл нь манай эх орны мал сүрэг бараг 50 сая болтлоо өсөж,  бэлчээрийн талхлалт хурдацтай нэмэгдэж, бэлчээрийн даац улам бүр хомсдож байгаа өдгөө цагт нэн ач холбогдолтой юм.  
   “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн  менежментийг манай улсын 21 аймгийн 21 суманд үр дүнтэй туршиж, бэлчээрийн менежментээр Архангайн Өндөр-Улаан, Баян-Өлгийн Сагсай, Баянхонгорын Өлзийт, Өвөрхангайн Тарагт, Говьсүмбэрийн Сүмбэр, Дорнодын Цагаан-Овоо, Өмнөговийн Номгон, Орхоны Жаргалант, Төв аймгийн Эрдэнэ, Эрдэнэсант, Увсын Өмнөговь,  Хөвсгөлийн Шинэ-Идэр, Хэнтийн Баянмөнх, Дархан-Уулын Хонгор, Булганы Бүрэгхангай, Завханы Нөмрөг, Дорноговийн Хөвсгөл, Говь-Алтайн Шарга, Сэлэнгийн Мандал, Сүхбаатарын Түмэнцогт, Дундговийн Хулд, Ховдын Манхан сумдыг  жишиг сумд болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Төслийн зүгээс бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг дэмжих чиглэл бүхий бэлчээр сайжруулах, худаг гаргах, засах, булгийн эх хамгаалах , тэжээл тариалах, үйлдвэрлэлийг дэмжих төслүүд, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлэхэд  нийт 1,7 тэрбум төгрөгийг зарцуулна.
Саяхан эх орны нийслэлд  жишиг сумдын засаг дарга, төслийн зохицуулагч, Бодлого судлалын төвийн  зөвлөхүүд, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнуудыг  оролцуулсан сургалт, семинар, харилцан туршлага солилцох ярилцлага болж өнгөрлөө.Сургалтад оролцогсод төслийн I, II  шатны үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд гарсан гэрэл, сүүдэртэй талыг  шүүн хэлэлцэж, өчигдөр ямар байсан бэ? өнөөдөр ямар ямар зорилт дэвшүүлэх вэ? маргааш ямар үр дүн хүлээж байна вэ гэдэгт хамтын оюун ухаанаа уралдуулсан юм. Олны санал оломгүй далай гэдэг шиг үнэхээр үнэ цэнтэй санал, санаачилга, туршлага, анхаарахгүй байхаас өөр аргагүй онол практикийн асуудал хөндөгдөж байсан.2009  онд төслийн зөвлөх байгууллага болох Бодлого судлалын төвөөс 21 аймгийн 329 суманд бэлчээрийн зураглал хийх, сумдын бэлчээрийн менежмент болон МАА-н эрсдлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулах, аймаг бүрт загвар сум бий болгоход сургалт, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.   Түүнчлэн  сумдын газрын даамлуудыг сумын бэлчээрийн зураглалд тухайн жилийн өөрчлөлтийг тусгах, дараа жилийн төлөвлөлтөө тодруулахад туслах үүднээс төслийн хөрөнгөөр байршил тогтоогч GPS багаж, аймгийн газрын албадад газрын зураг хэвлэгч плоттер машин нийлүүлэх ажил хийгджээ.

          
    АЖИЛЛАХАД АРГА, УДИРДАХАД УХААН

           Бид Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга Б.Жамбалдоржтой  уулзаж, төслийн хэрэгжилтийн талаар хуучилсан юм. 

  • Ажиллахад арга, удирдахад ухаан гэдэг шүү дээ. Төслийг хэрэгжүүлэхэд ямар тулгуур зарчим баримтлаж ажилласан бэ?
  • Сум, багийн удирдлага, мэргэжилтэн, малчдын саналд тулгуурлан, тэдний жигд идэвхтэй оролцоог хангахыг эрхэмд үзсэн, Төсөл хэрэгжих бодит боломж, үндсийг нээж өгөх арга замыг хамтын оюун ухаанаар хайж эрж олоход хүчээ нэгтгэсэн, мал аж ахуйн  эрсдлийн менежмент шинэлэг санаагаар баян байх,  төслийг хэрэгжүүлэх ажил, үйлс хоорондоо нягт уялдаа холбоотой байх, төслийн арга хэмжээ, ажил үйлс, үр дүн нь орон нутгийн хүмүүсийн эрх ашигт илүү нийцсэн байх, хэрэгжүүлэх арга хэмжээний хугацаа, хариуцах эзнийг оновчтой сонгож, үйл явц гүйцэтгэлийн хяналт тасралтгүй байх, төслийг хэрэгжүүлэх үйл явцад зогсонги, царцанги, саармаг байдлыг үл гаргах гэсэн  тулгуур зургаан арга ухаанаар ажиллаж үр дүнд хүрсэн билээ. 
  • Та одоо Эрдэнэ сумандаа “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн талааар тодруулна уу?
  • “Тогтвортой амьжиргаа-II төсөл дөрвөн том сувгаар хэрэгжиж байгаа юм. Бэлчээрийн мал аж ахуйн  эрсдлийн менежмент бол зөвхөн нэг чиглэл нь. Сумын хүн ардаас авсан санал, асуулга,  тулгамдсан зорилтыг  эрэмбэлэсний үндсэн дээр   худаг уст цэгийн тоог олшруулах, бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, өвөлжөө хаваржааны бэлчээрийг хаших, сүүлтэй, сүүлгүй боохойн хулгайг  бууруулах, бүрмөсөн арилгах, сохор номин, үлийн цагаан оготныг устгах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэхээр гаргаж ирсэн. Баян давааны ард инженерийн худаг гаргахад зориулан ус гаргах цэг тогтоож, геофизикийн судалгаа явуулж, инженерийн хийцтэй худаг гаргалаа. Энэ худгийг хашиж хамгаалж, эзэнтэй болгосон. Зүүн шохойн амыг 2,5 км  зайнд бэлчээрийг хашиж хамгаалан, хадлангийн нөөцийг арвижуулах чиглэлээр өвс ногоо тарьж байна. Архустайн амны булгийг 0,44 км зайнд хашиж хамгааллаа. Мөн Нагал хаан уулын өврийн овгор булагийг 0,52 км-ын зайнд хашлага  хамгаалалттай болгосон. Гялалзахын аманд  хааш хаашаа 1 км зайнд сохор номингийн нүхний шороог арилгаж тэгшиллээ. Өртөө толгойн орчимд гүний худаг гаргаж, малын бэлчээрийг усжуулсан. Хамар даваа, Баянбулаг, Хөх даваа, Цэмбэлийн амны уст цэгт геофизикийн хайгуулын судалгаа явууллаа. Эрдэнэ сумын төвийн өмнөх булаг, шандын эхийг 0,50 км –ын зайнд хашлага хамгаалалттай болгосон. Энэ бүх арга хэмжээний үр дүнд нийтдээ 55000 га бэлчээр, 36400 толгой малын усан хангамжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж 4 хэсэг газарт 89000 гаруй га бэлчээрийг хамгаалж, хашлагатай болгож, хадлангийн талбайг өргөжүүлсний дээр ихээхэн хэмжээний бэлчээр сэргэх боломжийг бүрдүүллээ.
  • Та тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн  менежментийн бодлого хэрхэн хэрэгжиж, ямар үр дүнд хүрч байгаа талаар хийж гүйцэтгэсэн ажлаа ярилаа. Одоо төслийн үр шимийг нэг атгаж, базаж, багцалж хэлбэл ямар вэ? 
  • Ер нь “Тогтвортой амьжиргаа төсөл” тодорхой үе шаттайгаар 2003 оноос хэрэгжиж байна.Олон нийтийн санаачлагын сан, бичил санхүүгийн хөгжил   гээд бүрэлдхүүн хэсгээрээ дамжуудаад хөдөө орон нутагт ихээхэн  үр ашигтай хөрөнгөө оруулалтыг хийсэн. Төсвийн мөнгө тэр бүр хүрэлцэхгүй байгаа нөхцөлд хөдөөгийн соёл, боловсрол, эрүүл мэнд, ажьжиргааг дээшлүүлэх чиглэлээр нүдэнг харагдаж гарт баригдахуйц юм хийгдсэн шүү. Орон нутгийн иргэдийн амьжиргааг баталгаажуулах, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд багагүй ахиц гарсан гэж үзэж байгаа. Зөвхөн манай сум гэхэд л хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засварыг дуусгаж,  гэр ахуйн цахилгаан хэрэгслээр хангасан. Сумын эмнэлэгт эмнэлэгийн иж бүрэн тоног төхөөрөмж авч өгсөн. Замтын давааны замыг отор нүүдэл хийхэд саадгүй болгож зассан. Багийн эмч нарт мотоцикль авч өгч, ойр зуурын тоног төхөөрөмжөөр хангалаа. Хогийн цэгийг хашаажуулж,  хогийн машинтай болгов. Сумын хүн эмнэлэгийг иж бүрэн тохижуулж, 5 дугаар багийн гудамжны гэрэлтүүлэгийг шийдвэрлэсэн. Энэ бүх арга хэмжээнд Олон нийтийн санаачилгын сангаас  2003-2009 оны хооронд 88 сая 586 мянган төгрөгийг зарцуулсан байна. 
  • Төсөл хэрэгжих явцад малчдын оюун санаа, урам зориг, сэтгэлгээнд гэрэл гэгээтэй ямар өөрчлөлт гарсан бэ? 
  • Малчин өрхийн амьдралд эргэлтийн чанар чансаатай шинэчлэл өөрчлөлт гарсан гэхэд хэтрүүлсэн болохгүй байхаа гэж бодож байна. Хамгийн том шинэлэг үзэгдэл бол манай суманд малчдын 20 шахам бүлэг буй болж, мал аж ахуйг ганц нэг өрх айлаар биш, жалга довыг үзлээр бус хамтын ажиллах арга, удирдах ухаанаар хөтөлж, эрхлэх болсон. Манай сумын 950 гаруй малчин өрхийн нийт малчдын ерөнхий сэтгэлгээ, урам зориг,  мал ах ахуйгаа эрхлэх арга барилд эерэг сайн талын шинэлэг  уур амьсгал, гэрэл, гэгээтэй өнгө аяс, өөдрөг  өөрчлөлт орж байна.

Сургалтад оролцогсод цөлжилтийг бууруулах, бэлчээрийг даацыг нэмэгдүүлэх, хадлангийн бэлчээрийг хашиж хамгаалах, мал сүргийн усан хангамжийг сайжруулах, малын тэжээлийн өвс ургамал тариалах, мал аж ахуйг уламжлалт нүүдэл отрын аргаас фермерийн аж ахуйн аргад шилжүүлэх, мал сүрэгт тоог биш таваарлаг чанарыг эрхэмлэх чиглэлээр номын дуу сонсож, харилцан арга туршлагаа хуваалцсан үр дүнтэй,  ач холбогдлоор арвин сургалт болж өнгөрлөө.
          

Ч.Содномдорж             

 

/МОНЦАМЭ сонин, 2010.04.06, №66/


 

 

Login

username
password

Best Practices

Trainings

You initiate, we will support you

Development Marketplace

Visitors


Today:359
Yesterday:297
This month:7737
Last month:11056
Total:175792