Logo
 |  |  | Mongolian


News МАНАЙ ТӨР, ЗАСАГ АНХ БАРЬСАН ЧИГ ХАНДЛАГААСАА ТАТГАЛЗААГҮЙ...
МАНАЙ ТӨР, ЗАСАГ АНХ БАРЬСАН ЧИГ ХАНДЛАГААСАА ТАТГАЛЗААГҮЙ... PDF Print E-mail
Tuesday, 23 March 2010 17:59
          Монгол улсын их хурал дээр “Төсвийн тухай” хуулийн төсөл эрчимтэй яригдаж эхлээд байна. Энэ хуультай холбоотой зарим мэдээллээс үзвэл энэ хуулиар томъёологдож байгаа төсвийн тухай ухагдахуун бидний мэддэгээс арай өөр бололтой. Бас дээр нь сум, аймгийн Иргэдийн хурал, захиргаанд төсвийн хөрөнгө оруулалтын эрх олгох бололтой. Урд нь төслийн хэмжээнд ч гэсэн яригдаж буй хуулинд тусаж буй санаатай нэлээд төстэй зүйл “Тогтвортой амьжиргаа” төслийнхөн ярьж байсан санаанд ороод төслийн газрын захирал А.Хашцэцэг хэмээх эрхмийг зорьсон юм.

 

     

Сур:-Сайн байна уу? Сайхан шинэлэв үү?
А.Хашцэцэг:-Сайн. Та сайхан шинэлэв үү?
Сур:-Хатуу хахир өвлийн жавар уярч, хөр цасны дороос яргуй цухуйж, туйлдаж ядарсан малчид маань бага ч атугай нуруу тэнийх цаг ойртож. Малчид хөдөөгийн хүн ардын талаар нэлээд ажил зохиодог таны удирддаг төслийн ажлын тайлан сонингоор гарч байна. Бас сүүлийн үед “Төсвийн тухай” хуулийн төсөл эрчимтэй яригдаж байгаатай холбогдуулан зарим нэг асуултад хариулт авах гэсэн юм. Болохсон болов уу?
А.Хашцэцэг:-Эрхэлж байгаа ажил, түүнтэй холбогдсон бодлогын баримт бичгийн талаар ярилгүй яахав. Шууд асуух юм уу? Жаахан шахамдуу юм даа...
Сур:-“Тогтвортой амьжиргаа” төслийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу? Төсөл хэзээ, яаж эхэлсэн хамрах хүрээ гэхчлэн.
А.Хашцэцэг:-Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай тохиролцон “Тогтвортой амьжиргаа төслийг 12 жилийн хугацаатай, 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм. Эхний шат буюу 2002-2007 онд 8 аймаг сонгон төсөл туршин хэрэгжүүлсэн. Дараагийн үе шат болох “Тогтвортой амьжиргаа-II” төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци, Европын холбоо, Японы засгийн газартай гэрээ байгуулан улам өргөжүүлэн хэрэгжүүлж байна. Сонинууд дээр манай төслийн тайлан нэлээд дэлгэрэнгүй тавигдсан болохоор олон тоо хэлэхээ энэ удаа түдгэлзье.
Сур:-Тийм байж болох юм аа. Тэгэхдээ нэг зүйл тодруулж асууя. Дээр нэрлэсэн байгууллага, улс орноос ирсэн санхүүжилтийн учрыг жаахан тодруулахгүй юу?
А.Хашцэцэг:-Санхүүжилтийн 40% нь хөнгөлөлттэй зээл, 60% нь буцалтгүй тусламж байгаа.
Сур:-Танай тайлангаас харахад их мөнгө харагдана билээ. Таны хариултад сүүлийн үед олон хүн эмзэглээд байгаа “зээл” гэсэн үг гарлаа. Тийм болохоор зарцуулалтын талаар товчхон тодруулахгүй юу?
А.Хашцэцэг:-Тэгье ээ. Төслийн шинэ шат 2008 оноос эхэлсэн гэж би түрүүн хэлсэн. Энэ хугацаанд юутай ч төслийн хамрах хүрээ тэлж, одоо 21 аймаг, 329 сум, нийслэлийн бүх дүүргийг хамарч байна. Өөрөөр хэлбэл засаг захиргааны бүх нэгжид хүрсэн гэсэн үг. Төслийн “Олон нийтийн санаачлага” хэмээх бүрэлдэхүүн хэсгээр санхүүжүүлэн хэрэгжүүлсэн төслийг л зөвхөн салбараар нь авч үзэхэд боловсролын салбарт 36,9%; дэд бүтэц, зам гүүрт 26%; эрүүл мэндийн салбарт 16%; байгал орчин, худаг гаргах, булаг шанд хамгаалах болон нийтийн эзэмшлийн байгууламжид 21%-ийн санхүүжилт ногдсон байна. Түүнчлэн иргэдийн санал санаачлагаар хэрэгжиж буй төслийн хүрээнд 6059 хүн ажлын түр байраар, 546 хүн улирлын шинжтэй ажлын байраар, 726 хүн ажлын байнгын байраар хангагдсан. Төслийн санхүүжилтээр 9 сургуулийн байр өргөтгөж, 151 сургууль тохижуулж, 54 сургуулийн халаалтын системийг зассан байна. Мөн 4 цэцэрлэгийн байрыг өргөтгөж, 158 цэцэрлэгийг тохижуулж, 37 цэцэрлэгийн халаалтын системд засвар хийжээ. Эрүүл мэндийн салбарын хувьд 9 эмнэлгийн байранд өргөтгөл хийж, 76 эмнэлэг тохижуулж, 47 эмнэлгийн халаалтын системд засвар хийсэн байна. Ингээд тоочоод байвал нэлээн зүйл хэлж болно оо.
Сур:-“Олон нийтийн санаачлага” гэж хэлснийгээ жаахан тодруулаач.
А.Хашцэцэг:-Би дахиад өөр томъёолол хэлье. “Хамт олонд түшиглэсэн хөгжил”. Магадгүй энэ бол манай хэрэгжүүлж буй олон төслийн тэргүүлэх зорилго мөн байх. Энэ бол орон нутгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих хариуцлагын тогтолцоо буй болгох, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх зэрэгт нутгийн ард иргэд, бүлэг, хамт олны санал санаачлагыг өрнүүлэх  замаар оролцуулах, ингэснээрээ орон нутгийн засаг, захиргааны үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн цогц зорилго л доо Манайх шиг нийгэм, эдийн засгийн шилжилт явагдаж байгаа улс оронд төр, засгийн бодлогын хэрэгжилт санасан хэмжээнд хурдан шуурхай байдаггүй нийтлэг дутагдлыг гэтлэх “гүүр” болохыг зорьж байгаа гэсэн үг л дээ.
Сур:-Энэ чинь тэгэхээр өнөө шүүмжлээд байдаг төвлөрөл гээч юмыг арилгахад чиглэсэн алхам болж таарч байна уу?
А.Хашцэцэг:-Тийм ээ Манайх чинь төвлөрсөн эдийн засгийн үеийн хандлага ажлын арга барилаасаа сайн салж чадахгүй байна шүү дээ. Ардчилалын эхний жилүүдэд төсвийн зарцуулалтын эрхийг чөлөөтэй тавьж үзсэн. Хууль, журам бүрэн гараагүй байсантай холбоотой байсан болов уу; багш, эмч гээд төсвөөс гол хамаатай хүмүүсийн цалинг тавьж өгч чадахгүй хэцүүдэж байсан. Ингээд л татварын орлого, төсвийн зарцуулалтыг дахин төвлөрүүлсэн хэрэг. Харин одоо цалингаа цагтаа тавьдаг, төсвийн сахилга бат ч хууль журмаа сахидаг болоод ирэхээр ардчилсан ёстой, чөлөөт эдийн засгийн харилцаанд нийцсэн төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын тухай ярьж эхэлж байна гэж би ойлгож байна. Манай улсын төр, засаг анх барьсан чиг хандлагаасаа энэ хугацаанд татгалзаагүй байсны нэг илрэл нь “Тогтвортой амьжиргаа” төсөл гэдгийг нэмж хэлье. Өөрөөр хэлбэл нутаг орныхоо хөгжлийн талаар олон түмэнд санаа бодлоо уралдуулах, тодорхой ажил санаачлан өөртөө ч, нутаг орон, нийгэмдээ ч хэрэгтэй ажил үйлс өрнүүлэх ард иргэдийн санал санаачлагыг хөхүүлэн дэмжих, санхүүгийн дэмжлэг, тусламж үзүүлэх зорилгоор хийгдэж байсан ажил гэдгийг хэлж байна. Хүн бүрийн идэвхтэй оролцоонд л түшиглэж байж улс орны идэвхтэй, эрчимтэй хөгжил ирдэгийг олон орны туршлага харуулж байна шүү дээ. 
Юм багаасаа эхэлдэг гэсэн үг байдаг даа. Бас нутаг орны амьдрал ахуйд нэн тулгамдаад байгаа асуудлыг нутгийн хүмүүсээс илүү хэн сайн мэдэх билээ. Зөв залж чиглүүлээд, өөр хооронд нь тал талаас нь сайн хэлэлцүүлэн, шат шатны иргэдийн хурлаар шийдүүлбэл олон зүйл хийж болох юм байна гэсэн итгэл үнэмшил төслийн хэдэн жилийн ажлын үр дүнгээс харагдаж байгаа шүү. Ингэснээр сум, дүүрэг, багийн иргэдийн зүгээс засаг, захиргаандаа итгэх итгэл дээшилж, шат шатны засаг, захиргааны байгууллагын чадвар ч дээшлэх юм байна гэж санагдаж байна. Хүмүүс олон нийтийн ажилд “надад ямар хамаа байхав” гээд оролцохдоо хойрго байсан байдал ч өөрчлөгдөж байна. Бас манайд их газар авсан нэг нэгнээ, ялангуяа төрийн алба хашиж байгаа нэгнээ хий хардан, идлээ уулаа хэмээн цаг алдах явдал хумигдаж, бие биендээ итгэж найдах байдал сайжирч, бүгд нэгэн санаагаар зүтгэдэг болмоор юм шиг санагдаж байгаа шүү.
Сур:-Таны саяын ярианд “төсвийн хөрөнгө оруулалт” гэж хэлэгдэв ээ дээ?
А.Хашцэцэг:-Төсвийн хөрөнгө оруулалт гэдэг ухагдахуун манайд үндсэндээ засгийн газраас, төвөөс хийгддэг гэсэн тогтсон ухагдахууныг УИХ дээр яригдаж байгаа “Төсвийн тухай” хуулийн төсөлд өөрөөр хөндөн тавьсан байна билээ. Манай төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил өөрөөр хэлбэл төсөл нэг бүрийг зохих шатны иргэдийн хурлаар хэлэлцүүлж, хамтын шийдвэр гаргуулж байж сая хэрэгжүүлэх ажилдаа ордог байсан маань ч төсвийн тухай энэ хууль батлагдаад хэрэгжээд эхлэхийн цагт нэг ёсны бэлтгэл маягтай болох нь гэж дотроо баярлаж байгаа шүү.
Сур:-Таны хэлээд байгаа хуулийн төслийг би харсан. Сум, орон нутагт хуримтлуулсан татварын орлогынхоо зохих хэсгийг өөртөө үлдээн захиран зарцуулах эрхтэй болох, төсөв урсгал зардлаасаа гадна төсвийн хөрөнгө оруулалт гэсэн бие даасан хэсэгтэй байх бололтой юм уу гэж санагдсан. Та харин сум, орон нутаг хөрөнгө оруулалтын бодлогоо шийдээд аваад явах бэлтгэл хангагдсан гэж л хэлээд байна аа даа?
А.Хашцэцэг:-Тийм ээ, тэгэлгүй яахав. Та намайг зөв ойлгож. Төсөл хэрэгжсэн энэ хэдэн жилд бидний хийж туршсан гол ажил энэ гэж би хэлмээр байна. Болгоомжлох аястай асууж байгааг чинь ойлгож байна аа. Төсөл манай улсын бүх суманд хэрэгжиж байгаа гэж би дээр хэлсэн. Тэр хэрээр хүмүүс бэлтгэгдсэн гэсэн үг л дээ. Харамсалтай нь сонгуулийн дараа дэгддэг сандал суудлын сэлгээнд цөөнгүй хүн өртсөн болохоор ингэж болгоомжлох нь ч зөв. Гэхдээ бээрээд суугаад байвал сайн болохгүй биз дээ?
Сур:-Тэр ч тийм л дээ. Тэгэхдээ манайх чинь нэг шийдвэр гаргаад, өнөөхийг нь нэг хэсэг хүн шүүмжилж, хэрэгжих явцыг нь сааруулаад аягүй бол өөрчилж эргэж буцдаг байдалтай болоод байгаа нь үнэн болоод л би ингэж хэлээд байна л даа.
А.Хашцэцэг:-Тийм нь ч тийм. Тэгэхдээ бас юм хийдэг хүн л алддаг гэсэн үг байдаг. Бас суусан цэцнээс явсан тэнэг дээр гэсэн үг бий. Ингээд бодохоор долоо хэмжиж нэг огтлох алтан дүрмийг санан бодож боловсруулан хэрэгжүүлэх л хэрэгтэй. Өөрийн орны туршлага, мэддэг чаддаг хүмүүсээс гадна ХХ зуунд маш богино хугацаанд эрчтэй хөгжин хүмүүн төрөлхтний хөгжлийн манлайд гарсан улс орнуудын бэлээхэн туршлага ч байна шүү дээ. Тэр бүхнийг ч бид судалж, суралцах ёстой биз дээ?
Сур:-Та Азийн бар орнуудын тухай яриад байна аа даа? Япон, Өмнөд Солонгос, Сингапур гээд харин ч бүр төвлөрсөн төлөвлөгөөг баримтлан өндөр хөгжилд хүрсэн гэдгийг одоо манайхан сайн мэддэг болж. Бидний нүдэн дээр дэлхийн үйлдвэр, аж ахуй, санхүүгийн хоёр дахь их гүрэн болон өсөж өндийсөн өмнөд хөрш маань ч байна. Ингээд бодохоор төсвийн төвлөрлийг арилгана гэж ярьж байгааг юу гэж ойлгох билээ?
А.Хашцэцэг:-Манайд хуучин мөрдөж байсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, саяын таны нэрлээд байгаа орнуудад өнөө хэр мөрдөгдөж байгаа төвлөрсөн эдийн засгийн хөгжил гэдэг хоёр өөр зүйл шүү дээ. Эдгээр орнуудын эдийн засгийн харилцаа чөлөөт зах зээл, өөрөөр хэлбэл өрсөлдөөн дээр суурилдаг. Манай улстай адилхан хаана юу ямар хөрөнгө оруулалт хийхээ дээрээс нь зааж зурж өгдөггүй. Хөгжлийн бодлогын хэмжээнд л хөрөнгө оруулалтын бодлогоо хөхүүлэн дэмждэг гэсэн үг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын үр ашгаа ямар хугацаанд, ямар хэлбэрээр эргэн төлөгдөх вэ гэдгийг нэг үзүүлэлт болгон хардаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо манайд ярьж эхэлж байгаа ард иргэдийн санал санаачлагад тулгуурлан сум, аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлье гэж байгаатай төстэй гэж хэлж болно.
Сур:-Тэгэхээр энэ чинь Монгол улсын хөгжлийн бодлогын талаар баримталж ирсэн бодлогод гарах эрс өөрчлөлт гэж хэлж болохоор санагдахаар юм биш үү? Тийм бол сум, орон нутагт энэ талын бодлогыг барьж байх мэргэжилтэй боловсон хүчин бий болов уу?
А.Хашцэцэг:-Тийм ээ ийм асуулт байх ёстой. Одоогийн байдлаар аймгийн засаг даргын тамгын газарт хөгжлийн бодлогын хэлтэс гэсэн нэгж байгаа харин суманд энэ чиглэлээр мэргэшсэн ажилтан байхгүй байна. Тиймээс суманд сумын хөгжлийн гэдэг юм уу эсвэл хөрөнгө оруулалтын шинжээч ч гэдэг юм уу нэг мэргэжилтэн байх ёстой юм байна. Тэгсэн цагт л ард иргэдийн санал санаачлагаар төсөл хэлбэрээр дэвшигдэн гарч ирэх зүйлс хэтийн хөгжлийн бодлогын хэмжээнд зангидагдах юм байна гэж үзэж байгаа хэрэг л дээ. Манай төслийн хүрээнд аймаг, сум, дүүргийн зохицуулагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор хууль эрх зүй, менежмент, компьютер, төслийн зураг, төсөв уншиж нягтлах зэрэг чиглэлээр шат дараалсан сургалт зохион байгуулсан. Цаашдаа ч зохион байгуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл төслийн нэгжийн ажилтнуудыг энэ хэрэгтэй байгаа ажлын байран дээр бэлдэж байна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд Тогтвортой амьжиргаа төслөөр хэрэгжүүлж буй сум орон нутаг, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоотой төлөвлөлт, хэргжилт, тайлангийн ил тод аргачлалаар төсвийн тухай шинэ хууль гарч мөрдөгдөж эхлэхэд ямар нэг хэмжээний бэлтгэл ажил, суурь хийгдэж байгаа гэж хэлж болно.
Сур:-Цаг зав гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа. Монгол улсын хэтийн хөгжлийн зам мөрийн талаар санаа бодлоо чилээж байгаа танай хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

/Үндэсний шуудан сонин, 2010 оны 3 сар/

 

Login

username
password

Best Practices

Trainings

You initiate, we will support you

Development Marketplace

Visitors


Today:359
Yesterday:297
This month:7737
Last month:11056
Total:175792